Translate

Thursday, May 2, 2019

БАВУУГИЙН ЛХАГВАСҮРЭН

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, төр, нийгмийн зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн 2019 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж Монголын уран зохиол, соёл, урлагийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Монголын ард түмний бишрэлийг төрүүлсэн их найрагч Б.Лхагвасүрэн 1944 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төржээ. Тэрбээр 1963 онд Худалдааны техникум, 1973 онд Москвагийн Кино урлагийн дээд сургуульд тус тус суралцаж төгсчээ.
Б.Лхагвасүрэн 1963 оноос Улсын хүүхэлдэйн театрт жүжигчин, зураач, туслах найруулагч, дарга, 1968 оноос Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх үлгэрийн танхимд жүжигчин, “Утга зохиол” сонин, Монголын радиод редактор, Соёлын яаманд мэргэжлийн зохиолчоор, 1990-1992 онд Монголын зохиолчдын эвлэлийн даргаар, 2009-2012 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хорооны даргаар тус тус ажиллаж байв. 1992-1995 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллахдаа соёл, урлагийн асуудлаар олон арван хууль, тогтоомжийг санаачлан батлуулсан юм.
Тэрбээр ”Ангир уураг”, “Хос уянга”, “Гашуун өвс”, “Сул асгарсан сувд” зэрэг шүлгийн түүвэр, “Тамгагүй төр”, “Хүйтэн сэнтий”, “Атга нөж”, “Үгүйлэгдсэн хайр” “Галзуу гурвалжин” зэрэг олон арван жүжгийн болон уран сайхны кино зохиолууд, сонсогчдын сэтгэл зүрхэнд мөнхөрсөн нийтийн шилдэг олон дууны шүлгийг туурвижээ.
Б.Лхагвасүрэн “Уянгын тойрог”, “Цагаан тэнхлэг” номоороо шинэ үеийн яруу найрагт ур чадварын гайхамшгийг харуулсан давтагдашгүй содон өвөрмөц урлах арга барил, хэлбэр агуулга, урлагийн гоо сайхан, гүн ухаан, сэтгэлгээний шинэчлэлт хийсэн нь түүнийг монгол түмний бахархал хүндэтгэлийг төрүүлсэн, олны хайртай яруу найрагч байсан юм.
Б.Лхагвасүрэн яруу найрагч, зохиолч бие хүнийхээ хувьд эх орон, ард олондоо туйлын хайртай, галтай эх оронч, үнэнч шударга, хурц мэргэн, бодомжтой гүн сэтгэлгээний үгээрээ үе үеийг ухааруулж ирсэн оюун санааны  манлайлан гэгээрүүлэгч байлаа.
Төр, засгаас түүний бүтээл туурвилыг өндрөөр үнэлж 1993 онд Төрийн шагнал, 1996 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол, 2003 онд Ардын уран зохиолч, 2017 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнажээ.
Монголын төр, нийгэм, соёлын гарамгай зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, хурц цэцэн, оюун санааны эх ундарга болсон сүр жавхаалаг уран үгийг эзэгнэгч, монгол үндэстний хэмжээний гэгээ татуулсан их найрагч Б.Лхагвасүрэнгийн омголон бадрангуй гэгээн дүр төрх монголчуудын зүрх сэтгэлд үүрд мөнхөрч үлдэх болно.

Friday, November 16, 2018

Хичээл, Зүтгэл Хэнийг Ч Гомдоохгүй

 Одоо цагт эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсрол хүмүүжилд маш их үүрэг хүлээх болжээ. Хүүхдүүдээ эрдэм боловсролтой болгохын тулд юугаа ч хайрлахгүй эцэг эхчүүд олширсон байна.  Гэвч ямар ч нэр хүндтэй сайн сургууль байлаа гэсэн оюутны тархи толгой руу сүү юүлж байгаа юм шиг эрдэм боловсролыг цутган хийж өгөхгүй. Сайн сурах эсэхийг гагцхүү оюутан  таны өөрийн хичээл зүтгэл нь эцсийн дүнг шийднэ гэдгийг ойлгох хэрэгтэй.


     Эцэг эх нь мөнгө хөрөнгө, эд баялгийг үр хүүхэддээ өвлүүлж болох боловч эрдэм боловсрол, хүнлэг араншин, нэр хүнд, гэгээн оюун ухааныг өвлүүлж эс чадна. Түүнийг зөвхөн өөрийн хичээл зүтгэл,хөлс нулимс, эцсээ хүртэл тэвчих тэвчээр л  үнэлж чадах байх. Эрдэм боловсролыг зөвхөн багшаар заалгаж сургуулийн танхимд эзэмшинэ гэвэл туйлын өрөөсгөл, дутуу дулимаг ойлголт юм.1 өдрийн үнэ цэнэ,цаг хугацааг  ухаарч нар бидний төлөө манддагийг санах хэрэгтэй. 


     Хүний хэлсэн ярьсан, зөвлөсөн сургаснаас санаа сэдэл авч амьдрал ахуйдаа хэрэглэнэ гэдэг маш том амжилт. Ямар ч салбарт зорьж мөрөөдсөндөө хүрэхээр чин сэтгэлээсээ хичээл зүтгэл гаргахгүй л бол гайхалтай бүтээмж бий болно гэдэг сансар огторгуйгаар аялах боломжгүйтэй адил. Үүнийг залуу хүн бүр ой ухаандаа хатуу тогтоож, зүрх сэтгэлдээ тод сийлж мөнхөд хадгалах ёстой юм.


      Нэгэн алдартай зураач ийнхүү хэлсэн байдаг.“ Та нар билэг авьяастай юм бол хичээл зүтгэл түүнийг чинь улам бататгаж өгнө. Хэрвээ авьяасгүй бол хичээл зүтгэл түүнийг орлох болно. Тийм учраас чадлаараа хичээж зүтгээд үз, хичээл зүтгэл хэнийг ч гомдоохгүй”  гэжээ. Хүний амьдралын мөн чанарын арвын есөн хувь нь өөдрөг сэтгэл, хичээл зүтгэлд байдаг. 

Залуу хүн бүр алсыг харж, ихийг зорьсон өөдрөг сэтгэлтэй байж уйгагүй хичээл зүтгэл зориг тэвчээрийг өөрийн бие сэтгэлдээ шингээж чадвал тэр нь амжилт, аз жаргалд хүргэх жигүүр болж өгөх нь гарцаагүй.